Алсын хараа: Бид нийгэмд эерэг өөрчлөлт авчрах өгөгдлийн баялгийг бүтээж, шинэ мэдлэг түгээдэг дата экселлэнс төв байна.
Эрхэм зорилго: Монгол Улсын эдийн засгийн голлох салбаруудад сайн засаглалыг бэхжүүлэхийн төлөө өгөгдлийн экосистемийг бүрдүүлнэ.
Үнэт зүйлс: -Ёс зүйтэй, мэргэжлийн хамт олон; -Дэвшилтэт технологи; -Оролцоонд тулгуурласан хамтын ажиллагаа; -Нийгмийн инновац, энтрэпрёнер сэтгэлгээ;
Монголын Дата Клуб (Хөгжлийн төлөө өгөгдөл НҮТББ) нь 2021 оны 6 дугаар сард өгөгдөлд түшиглэн нийгэмд эерэг өөрчлөлт бий болгох зорилгоор мэдээлэл, технологи, өгөгдлийн шинжлэх ухаан, сэтгүүл зүй, засаглал судлаач, тухайн салбарын мэргэшсэн зөвлөхүүд зэрэг ур чадварууд нэгдэж, клубын зарчмаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн билээ.
Ур чадварууд нэгдвэл ямар эерэг үр дүнд хүрч болдогийг бид өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн их өгөгдөлд түшиглэсэн хэд хэдэн төслөөрөө харуулсан. Тухайлбал, уул уурхайн төрийн өмчит компанийн засаглал, нийслэл хотын авто замын түгжрэл гэсэн нийгмийн хоёр том тулгамдсан асуудлыг сонгож, нээлттэй өгөгдлүүдийг холбон, дүгнэн шинжлэх хэрэглүүр бүтээж, өгөгдөл ашиглагчдын чадавхыг бэхжүүлж, олон нийтийг мэдлэгжүүлэх үзэсгэлэн, арга хэмжээ зохион байгуулж ирсэн билээ.
Бидний ажлын үр дүнг дотоодод төдийгүй олон улсад ч тухайлбал, EITI олон улсын бага хуралд, Open Contracting Partnership-ийн Impact Stories буланд, олон улсын Нээлттэй засгийн түншлэл зэрэг байгууллага онцолсныг дуулгахад таатай байна.
Тиймээс энэхүү туршлага, мэдлэгээ бусадтайгаа хуваалцах, мөн ур чадваруудын нэгдэл бүхий хамт олныг бэхжүүлэх зорилгоор 2023 оноос Монголын дата клуб нь шинээр гишүүнчлэл зарлаж, өгөгдөлд түшиглэсэн сар тутмын уулзалтыг тогтмол зохион байгуулж байна.
Бид байгууллагынхаа алсын хараа, эрхэм зорилгыг шинэчлэн тодорхойлж, түүнтэй уялдуулан бүтэц, зохион байгуулалтаа ч сайжруулан, нийгэмд эерэг өөрчлөлт авчрах өгөгдлийн баялгийг бүтээх хүсэл, тэмүүлэлтэйгээр ирэх 2024 оныг угтаж байна.